Bookmark and Share
 
 

Хурмастын  хур  бороо элбэгшсэн зуны адаг сарын  цагаан морин өдөр хотоос  холгүйхэн  орших Төв аймгийн Архуст сумын  ард иргэд адууны наадмыг гурван өдөр үргэлжлүүлэн хийлээ.

Ийм сайхан нар хур тэгширч, өвс ногоо дэлгэрсэн, зуншлага сайтай газар ховор байгааг ч хэлэх үү Эрдэнэ сум өнгөрөөд  л тунарсан ногоон өнгө нүд баясгаж, хүн малгүй сэтгэл тэнэгэр байгаа нь илт мэдрэгдэнэ. Хол ойрын уяач гийчид чуулсан нутгийн наадамд  дээд насны хурдан шандас хүлгүүдээрээ хурд хүчээ үзэж , унаач хүүхдийн гийнгоо тасрахгүй,  адууны тоосонд  хийморь  сэргэсэн сумын наадам тун ч сайхан боллоо.

Энэ үеэр Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Гавьяат эдийн засагч, "Туушин" группын Ерөнхий захирал  Намсрайжавын Зоригт  өөрийн шандаст хүлгийнхээ  уяа сойлго, амжилт бүхнийг нь  дагуулсан Архуст сумын уугуул адуучин М.Жамьяансүрэндээ болон  түүний нутгийн зон олонд хүндэтгэл үзүүлж,  Монгол Улсын алдарт уяач цолны мялаалга наадмаа хамтад нь зохион байгуулахаар зорин иржээ.  Алдарт уяач Н.Зоригт хурдан морь уралдуулж эхлэхдээ адуучин эр Мануушийн Жамьянсүрэнгээр  хурдан морины эрдмийн заалгаж, уяуулж хурдлуулж, сурч суралцсан юм билээ.

Адуучин М.Жамьяансүрэн  анх  2011 оны зунаас  эхлэн  Н.Зоригтын хурдан шандаст хүлэг морьдын уяач  нь болж  хамтран ажиллахдаа  улс, бүс, аймгийн  наадамд ердөө дөрвөн дээд насны хурдан хүлгээр  12 айраг, түрүүнд орсон амжилт үзүүлжээ.  Эзэн хийгээд хурдан морины тэнгэр ижил,  од ивээлээ адилхан хайрлажээ. Наадам болсон энэ тал  адууны таатай хангай, атарчдын өлгий болсон Архуст сум билээ.

Сумын Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж,   Монгол Улсын Алдарт уяач Н.Зоригт  ивээн тэтгэсэн  энэ наадам  "Монгол бахархалт эр " хэмээх адуучин түмнийхээ авхаалж  сорьсон тэмцээн  уралдаанаар эхэллээ. Энэ тэмцээнд  зөвхөн Архустын  адуучин эрс  хамруулсан  эхний өдрийн тэмцээн ихээхэн  өрсөлдөөнтэй болж , хэн нь эрэмгий, авхаалжтайгаа  сорьж, өрсөлдөөн ширүүхэн болж өндөрлөв. 15  настай адуучнаас 50 шүргэж  яваа  идэр эрчүүд   өрсөлдсөнөөс  "Монгол бахархалт эр"  тэмцээний шилдэгээр Нарс багийн адуучин Б.Томхүү шалгарчээ.

Мөн тэмцээнд оролцсон эрчүүд наадамд унаж ирсэн морьдоороо  таван км зайд хурд сорьж, уралдаж ирмэгцээ үндэсний бөх барилдаж аваргаа  тодруулав. Түүнчлэн тэмцээнд оролцсон адуучин залуучууд эмнэг сургах,  адуу шуургуулж  уургалах, ташуур, хусуур шүүрэх  зэргээр өрсөлдөж, нийлбэр дүнгээр  Адуучин тэмцээний тэргүүн  байранд  Нарс -2 багийн адуучин Л.Уламбадрах,  хоёругаар байранд Т.Батмөнх, гуравдугаар байранд С.Мягмаржав нар шалгарлаа. Хурдан морьдийн  уралдаан , "Адуучин" нэвтрүүлгийг  ЕТВ-ийн   явуулын баг тусгай нэвтрүүлэг бэлтгэн  орон даяар гаргахаар зэхжээ.  Баяр наадмын хоёр дахь өдөр азарга , их насны морьдийн уралдаанаар үргэлжлэв. "Улсын алдарт  уяачийн мялаалга"  наадмыг "Туушин" группын Ерөнхий захирал Н.Зоригт  нээж хэлсэн үгэндээ:  " Миний шүтээн адуун сүрэг. Өнөөдрийн мялаалга наадам  миний сэтгэлийн дэм шингэсэн юм шүү.  Би төрж өссөн  Говь-алтай аймгийн уудам Шаргын говьдоо хурдан морь унаж, малын дэргэд өсөж бага балчраасаа хурдан морины хийморьт шүтэж өссөн айлын хүүхэд.    

Идэрийн барилдлагатай цагаан морь  өдөр, миний бие домогт түүхт Архустын ард олныхоо дээд насны шандас хурдын сорьж , магнай дүүрэн наадуулья  гэсэн юм" гэлээ. Тэрээр энэ өдөр түүний морины үйлсэд хамтран зүтгэгч, Архуст сумын уугуул, аймгийн алдарт уяач М.Жамьянсүрэн болон нэг уяа галын нөхдийг болон унаач жаалуудаа баярлуулав.   Хурдан хүлгүүдийн уяа сойлгын тохируулдаг эрхэм уяачдаа  гэр бүлд нь аз жаргал хүсэн, Улаанбаатар хотод  амьдрах гурван өрөө байрны түлхүүр атгуулж, адуучнаа ихэд урамшуулсан нь наадамчин олныг баярлуулсан сайхан мэдээ байлаа. Хурдан хүлгийг нь унаж олон удаа айраг, түрүүнд хурдлуулсан морь унаач хүү  Б.Ононд  нэг сая төгрөгийн мөнгөн шагнал, хичээлийн хэрэгсэл,  ууган унаач хүү Ж.Ганбатад хагас сая төгрөг, унаач жаал А.Жамьяандавгыг мөн 300.000 төгрөгөөр тус тус урамшуулж  мялаав. 

Сумын Засаг дарга Батбаатарт мөн наадмыг ивээн тэтгэсэн  4.000.000 төгрөг бай шагналаар дэмжиж оролцсоноо гардуулсан юм. Наадмыг  үзэж сонирхохоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга  Ж.Мөнхбат, Гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, Гавьяат жүжигчин Э.Бат-эрдэнэ, Урлагийн гавьяат зүтгэлтэн Жамьян, Гавьяат тамирчин Номин нарын  зэрэг алдар цуутай олон хүн зорин иржээ.  Түүнчлэн Үндэсний Их Театрын уран бүтээлчид  наадамчин олондоо уран бүтээлийн дээжээрээ мялаалга өргөн баясгалаа.   Хурдан азарганы уралдаанд гарааны зурхайгаас 30 орчим азарга гарснаас Төв аймгийн Баянжаргал сумын харьяат, Монгол улсын тод манлай уяач Баттөмөрийн бор түрүүлж, аман хүзүүнд Баян сумын уяач Мөнхцогийн хээр, гуравдугаар байранд Төв аймгийн Архуст сумын М.Жамьяансүрэнгийн халзан, дөрөвт Төв Баянжаргал сумын уяач Ишбаатарын шарга азарга,  айргын тавд Дундговь Өлзийт сумын уяач Дэлгэрсайханы шарга азарга тус тус хурдалж, тод мангай торгон жолоогоо өргүүллээ.  

Дээд насны морьдийн уралдаанд их насанд 40 орчим хурдан хүлэг уралдсанаас  түрүү магнайд Говь-алтай аймгийн Халиун сумын харьяат  гавьяат жүжигчин Бат-эрдэний сойсон хээр түрүүлж, удаахь байранд Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Оюунбаатарын зэгэл хонгор, гуравт Төв аймгийн Эрдэнэ сумын Томоогийн хээр хурдалж, дөрөвт Баянжаргалан сумын уяач Энхболдын хул, айргийн тавд мөн Баянжаргалан сумын Болдбаатарын шарга халзан тус тус хурдаллаа.   

Наадмын үеэр гэнэтийн  их усан бороо үргэлжлэн орсоноор баяр наадам сунаж дараа өдөр нь хурдан соёолон насны морьдоо мордуулав.  Бөөрөлжүүтийн хөндийд наадсан алдарт уяачийн мялаалга наадамд хурдан 30-аад соёолонд шандас үзсэнээс  Төв аймгийн Дэлгэрхаан сумын  уяач, дуучин Төрмандахын бор түрүүлж  унасан хүү, уясан эзнээ баярлуулав. Ам хүзүүнд Төв аймгийн алдар уяач Чулууны хээр, гуравт Архустын уяач Бат-эрдэнийн хээр, дөрөвт Аймгийн алдарт уяач Элбэгсайханы бор соёолон, айргийн тавд Төв аймгийн Баянчандмань сумын уугуул Төрмөнхийн  хул алаг  тус тус хурдалж, наадамчин олноо баярлуулав.    

Ц.Батбаатар

Шинээр
Их уншсан
Торой бандийн нутагт адуучин т ...
21 минут-н өмнө/уншсан: 4
Түүхч Д.Өлзийбаатар, Ц.Санчир ...
2 өдөр-н өмнө/уншсан: 39
УЛС ТӨРЧИД “ХАЙР”-АА ХЭРХЭН ИЛ ...
18 өдөр-н өмнө/уншсан: 339
Селфи 2017.11.20
20 өдөр-н өмнө/уншсан: 339
МАН-ын XXVIII их хурлын төлөөл ...
20 өдөр-н өмнө/уншсан: 358
Чингисийн одонт Найдангийн Түв ...
21 өдөр-н өмнө/уншсан: 824
Төсвөө батлуулсан сангийн сайд ...
26 өдөр-н өмнө/уншсан: 381
“ӨВӨГ МОНГОЛЧУУДЫН ХОСГҮЙ ҮНЭТ ...
30 өдөр-н өмнө/уншсан: 548
Манай гишүүд
Б.Бямба-Очир
Гэрэл зурагчин
Ц.Батбаатар
Гэрэл зурагчин
Toshka Batjargal
Гэрэл зурагчин
Р.Чулуун
Гэрэл зурагчин
Т.Чимгээ
Гэрэл зурагчин
В.Баттулга
Гэрэл зурагчин
Г.Эрдэнэтуяа
Гэрэл зурагчин
iNET.mn © 2008-2011 он. inet.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.