ХАЙРХАНЫ ДЭЛГЭМЭЛ ЗУРГИЙГ ХАМГИЙН ӨНДӨР ТӨВ ЦЭГЭЭС БҮТЭЭСЭН ГЭРЭЛ ЗУРАГЧИН Н. СҮХБАТ
9 сар-н өмнө
Bookmark and Share
 
 

Өдөржин авирч, хярлаж явсан Ширээт Тавцан уул бол Буянт багийг дайрч өнгөрөхөд Отгонтэнгэр хайрханы орой цухуйж байдаг тэр уул л даа.Тэр уулын оргил өндрөөс БОГД ОЧИРВААНЬ ХАЙРХАНЫ ЭНЭ ДЭЛГЭМЭЛ ЗУРГИЙГ бүтээсэн юм. Хэн бүхний очоогүй цэгээс зураглах гэсэн зүтгэл.Холд хос морьтой явдгийн адил хоёр аппарат, 10-аад дуран, хөл гээд 20 гаран кг ачаатай. Нэг аппаратаа хөл дээр байрлуулж авто даралтаар нь НҮҮР НОМД ТАВЬСАН ЭНЭ ЗУРГИЙГ авч байж билээ. Өөрөө өөрийгөө зурагласан хэрэг. Тэндээс тав арав алхаад оргилын ар дагз руу өнгийхөд нам унтаж байсан 5 чоно цочин сэрж тарж бутраад л алга болов. Баян намрын цатгалан чононууд тулдаа л хөлс болсон намайг орхисон байх.Унаж гэмтээхээс болгоомжлоод аппаратаа аанай үүргэвчиндээ хийснээс чонын зураггүй хоцорсоон. Хэд алхаад хөх асга руу орж явчлаа. Өө за, ийм их ВАНСЭМБЭРҮҮ. Зураглалаа. Нөгөө хэд энэ асган дотор хэвтэж байгаа гэж бодохул ууцнаас үмхээд авах шиг нэг л тайвангүй! Ханатлаа зураг авчихаад Шар хоолойн хөтөл уруудлаа. Хайрханы хаа сайгүй тарвага ёстой нэг байна аа байна. Дошин дээрээ өрмөрч шаргалтаад л.

Буу зэвсэггүйг минь харж байгаа болохоор өлмий дээгүүр гүйх нь ээ...Үүр шөнийн 04 цагт аялалдаа гарч түмэн олныхоо зулай дээгүүр, тэнгэрийн орноор 22 цагийн турш алхаж алхаж сая нэг юм байрандаа ирэв. Умгар хоосон өрөөний хоймор өглөө хурааж орхисон ганц модон ор цонхоор тусах сарны туяанд цэмцийнэ. Өөрөөр ялаанд ч хүртэх зооглох юмгүй цэмцгэр дээ. Өглөө 2 годгор сав цэвэр устай гарсан. Нар хөөргөлгүй ууж дуусгасан. Азаар энэ Этүгэн уул ховил болгон нь гол, хонхор болгон нь нуур тогтсон УСАН УУЛ ажгуу. Залгуулаад зам зуурын тогтоол ус, шимээл, гол горхиноос ундалж, идэх зүйл хэл дээр тавиагүй яваа. Шууд л мешокруугаа шургалаа. Дархан газрын байцаагч Батмэндийнх саахалт боловч давхидаг нохой, хүн хараад уйлдаг нялх зээтэй, өөр шалтгаанаар өвгөнд жаахан гомдож туньсан, тэднийхээр очихгүй байгаа, тэд намайг ямар хүнстэйг мэдэхгүй.Хамгаалалтын байранд байлгаж байгаа нь л хариулж баршгүй тус. Зуслангийн айлуудад найдаад ширхэг талх ч авчраагүй, ганзага хов хоосон. Айлууд намаржаалаад уулнаасаа буучихаж. Хоолгүй хоёр гурав хоносон гэхэд худал болохгүй ээ! Тэгтэл өлсдөггүй, ядардаггүй. Нээрээ, өлсөхгүй байгаа юм чинь.

Өлсвөл аргаа бодно ш дээ. Хотод өдрийн цай хоол холдоход заримдаа дотор тавгүйрхэж, толгой эргээд маягладагсан. Эндээс нэг дүгнэлт хийсэн! ОРОЙН ДЭЭД БОГД ОЧИРВААНЬ ОТГОНТЭНГЭР ЭТҮГЭН ЦАГААН УУЛЫН ЦАС УС ТЭР АЯАРАА НЭМЭГДЭЛ ТЭЖЭЭЛ, ЭКО ХООЛ юм билээ. Тэгэхэд Отгончууд дараа жил болох 80 жилийн ойдоо бэлтгэж, ЗДТГ-ынх нь заллага дэмжлэгтэй сумын байгаль, аж байдал, түүхэн зургуудыг авч өгч билээ.Отгонтэнгэр хайрханыг 10-аад хоног зураглахдаа машин техник явах биш гээд унаж явсан УАЗ469-өө буцаасан юм. Уулын тагтад утас сүлжээгүй, унаагаа буцаасан гахай явган хүн арагшаа хэл чимээгүй 10-аад хонолоо.

Налгар дэлхий, амгалан Монголд ганц хүн сандарч гайхширлаа барсан нь МИНИЙ ХАНЬ. Завханаас утасны дугаарууд эрэн цуглуулж, бүхий л холбогдох байгууллага хүмүүсрүү утасдсан байна лээ. Танхил насандаа танилцаж цэрэг цураг гэж мөн ч их хүлээлгэсэн. Тавь гарсан насанд нь хүлээлгэсээр л байна. Монголоо тэгэж амархан нэгжиж зураглаж барна гэж үү?! Хань минь энэ насаараа л хүлээх болох нь дээ. Нэг шөнө ирэхэд Батмэнд гуай өрөмтэй гамбир, тараг ааруул авчирч тавьсан байсаан, хөөрхий.Намар орой Налайхад харьж ирээд зургуудаа компьютерт хуулж, дэлгэц дээр үзлээ. Цочлоо. Тэр шөнө нүдэнд цагаанаар харагдаад байсан дугираг нум үндсэн өнгөндөө хувирсан өдрийнх шиг солонго байх юм.

Харлаж сааралтаад байсан уул тал ногоороод, ус гол цэнхэртээд, уншуулж авсан үүл сарнилттайч баргар сүрлэг, сиймхийгээр нь одод гялалзаад гайхалтай. Уг нь ч дижитал аппарат шөнө ч гэсэн юмсыг яг өнгөөр нь буулгадаг л даа. Энэ өдөр ХАЙРХАНЫ ДЭЛГЭМЭЛ ЗУРГИЙГ ХАМГИЙН ӨНДӨР ТӨВ ЦЭГЭЭС БҮТЭЭСЭН. Санамсаргүй НҮҮР НОМЫН ЗУРГИЙГ АВСАН байсан.Хамгийн давтагдашгүй нь ШӨНИЙН СОЛОНГЫГ ЗУРАГЛАЖЭЭ. Чоно, тарвага, вансэмбэрүү...

Тэгэхдээ ширхэг боорцог ч идэж улсаа шамшигдуулсангүй. Нээрээ ( худал ч хүний нээрээ биш шүү), ийм л нэг, нэг өдрийн аялал болсон юм даа.Та зургуудыг үзлээ. Худал биш байгаа биз. Хэдхэн хоногийн хойно Отгонтэнгэр Хайрханыхаа зулайд авирч гарсан. Ингэж зураг бүрийн түүхийг ярьж өгмөөр л байна. Даанч хээрээр хэсэмтгий, компьютер техникээс хол болохоор бичиж шивэхдээ удаж, удаах ажлуудаа цалгардуулах гээд байна...

Уншсан ТАНД гүнээ талархаж байна. Таалагдсан бол миний фейсбүүк хаягаар орж ХОЛБОО НИЙТЛЭЛҮҮДИЙГ нь уншаарай. Дашрамд дурьдахад тэр өдөр НАР АРГАМЖДАГ домогтой НАРОБАНЧЭН гэгээнтний хойт 7-р дүрийн ХУВИЛГААН ДАНЗАНЛХҮНДЭВ Очирваань хайрхандаа өөрийн зан үйлээ ёсчилсон юм байна. Нутгийнхан тэр орой гэрэл гэгээ харьцангуй оройтсныг, бас шөнийн солонгыг бүгд харснаа, урьд нь үзээгүйгээ ярьцгааж байв.  Н.Сүхбат

Шинээр
Их уншсан
Ууртай залуу би машины чинь то ...
48 секунд-н өмнө/уншсан: 0
"АДУУТАЙ НАМАР"-ыг уламжлал бо ...
24 өдөр-н өмнө/уншсан: 862
1930-1940 онд улс төрөөр хэлс ...
27 өдөр-н өмнө/уншсан: 313
Уралдаанд түрүүлсэн шувууны га ...
30 өдөр-н өмнө/уншсан: 523
Шатар нүүж байна даа. ...
30 өдөр-н өмнө/уншсан: 392
1977 оны урилга
1 сар-н өмнө/уншсан: 352
Манай гишүүд
Б.Бямба-Очир
Гэрэл зурагчин
Ц.Батбаатар
Гэрэл зурагчин
Toshka Batjargal
Гэрэл зурагчин
Р.Чулуун
Гэрэл зурагчин
Т.Чимгээ
Гэрэл зурагчин
В.Баттулга
Гэрэл зурагчин
Г.Эрдэнэтуяа
Гэрэл зурагчин
iNET.mn © 2008-2011 он. inet.mn сайт дээр тавигдсан мэдээ мэдээлэл, нийтлэл, бичлэг, зураг, реклам, бусад
материалыг албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхдээ эх сурвалжийг дурдана.